Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүдийн хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломжийг судалж, богино хугацаанд шийдэл танилцуулахыг Монголбанкны удирдлагуудад чиглэл болгосон байна.
Монголбанкны зүгээс банкны системийн нөхцөл байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг танилцуулжээ. Харин арилжааны банкуудад зээл олгох боломж байгаа ч ипотекийн зээлийн хүсэлт гаргасан 45 мянган иргэн хүлээлттэй байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь өрхийн орлого зарлагаа нөхөж чадахгүй байгаа явдал гэдгийг тэмдэглэв. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутаж байгаа бөгөөд иргэд энэ зөрүүг нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч буйг дурдсан байна.
Тэрбээр “Жилийн 50 хувиас давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” гэжээ.
Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулах замаар богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулсан байна.
Уулзалтын үеэр Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх асуудлыг мөн хөнджээ. УИХ-ын дарга эдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлэх, үр ашиггүй шилжүүлэх зэрэг шүүмжлэл гарч байгааг дурдаад, Нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг өгсөн байна.
Монголбанкны мэдээлснээр банкны системийн нийт актив 84.8 их наяд төгрөг, нийт зээлийн хэмжээ 44.8 их наяд төгрөг, салбарын цэвэр ашиг 306.3 тэрбум төгрөг байгаа аж. Төв банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.