Мэдээ уншиж байна...

Админ 52 мин өмнө (0) (4)

Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж буурсан ч 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Улсаас нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр 2.3 их наяд гаруй төгрөг зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй гэж үзжээ.

Иймд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг оновчлох, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож буй халамжийн төрлүүдийг судлан тодорхой хязгаар тогтоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, нийгмийн халамжийг дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

Хуулийн төслийн хүрээнд нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүй бөгөөд одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийхээр тусгасан байна. Ингэхдээ хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтлах юм байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0