Сэтгэгдэл 0
Улсын Их Хурлын Ажлын хэсгээс “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах” туршлага судлах уулзалтыг 2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. “Хүн төвт” эрх зүйн орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын даргаас захирамжлан хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хүний эрхийн идэвхтэн, судлаачдыг оролцуулсан хоёр өдрийн арга хэмжээг чиглүүлэн явуулсан юм.
Уулзалтаар Монгол Улс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульдаа дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг 10 жилээр төлөвлөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот хөтөлбөртэй байна гэж заасныг үндэслэн хүний хөгжлийн хөтөлбөр Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг боловсруулах хэрэгцээ бий хэмээн талууд санал нэгтэй байгааг онцолж байв. Учир нь үндэсний хөтөлбөрийг 2003 онд хугацаа заахгүй баталж, өдгөө 22 дахь жилдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй, хэт ерөнхий заалтуудтай, тунхагийн шинжтэй, хариуцлага тооцох боломжгүй зэрэг олон сул талтай гэж хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, судлаачид шүүмжиллээ. Судалгаа, дүн шинжилгээний дүгнэлт, дүнгүүд ч ийм гарсан гэдгийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчид танилцуулсан. Нэгэнтээ хэрэгцээ шаардлагад нийцэхээ больсон үндэсний хөтөлбөрийг шинэчилж, II хөтөлбөрийг боловсруулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн шинжлэх ухаанчаар хандах, ямар эх сурвалжуудыг эх үндэс болгох, 10 жилийн дараах хүний эрхийн нөхцөл байдлыг төсөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, тусгах санал, санаачлага зэргийг уулзалтын эхний өдөр талууд хэлэлцсэн бол хоёр дахь өдрийн сэдэв нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, оролцооны зураглал, хүний эрхийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад улсын туршлага зэрэг асуудал байв.
Товчхондоо "Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг урт хугацааны бодлоготой уялдуулах нь”, “Оролцоонд суурилсан хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хянах механизм”, “Оролцогч талуудын шинжилгээ, оролцооны зураглал гаргах” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжилж, талууд санал, байр сууриа илэрхийлсэн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрт өнөөдөр Монгол хүнд тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар, оновчтой харж, тодорхойлох шаардлагатай. Хүний эрх өргөн цар хүрээтэй хэдий ч энэ хөтөлбөрт нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлүүдийг түлхүү тусгаж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эхний хувилбарыг 7 бүлэг, 33 зорилготой, 170 гаруй арга хэмжээтэйгээр боловсруулж, 9 аймаг, таван бүсэд хэлэлцүүлээд 2000 орчим хүний саналыг тусган харьяалах яаманд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс хүлээлт өндөр байгаа хэмээв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.