Мэдээ уншиж байна...

Админ 2025/05/27 (0) (35)

“The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” болон Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй номын нээлт боллоо

Шихихутуг их сургуулийн зөвлөх профессор, академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан нарын хамтын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” бүтээл “The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” нэртэйгээр орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаярын орчуулснаар Нидерландын Хааг хотод төвтэй Melrose Legal Publishers хэвлэлийн газар англи хэл дээр хэвлэн олон улсын зах зээл дээр борлуулагдаж эхэлсэн.



Энэхүү бүтээл анх 1996 онд хэвлэгдсэн бөгөөд Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын суралцагч, судлаачдын судалгааны нэн хэрэгцээт эх сурвалж, “ширээний” ном нь болж 1998 онд Шинжлэх Ухаан Технологийн сангийн шилдэг бүтээлээр шалгарч байсан бол, 2008 онд Японы шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн Кэриямагийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

Мөн энэ өдөр 1996 онд их, дээд сургуулиудын энэ чиглэлийн анхны сурах бичгийн нэг болж хэвлэгдэж байсан Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Шихихутуг их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар нарын хамтын бүтээл “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сурах бичгийн 3 дахь удаагийн хэвлэл хэвлэлтээс гарч уншигчдын гар дээр хүрч байна.
Тус бүтээл Монгол улсын хууль зүйн боловсрол олгож буй их, дээд сургуулиудын суурь сурах бичиг болж ирсэн бөгөөд Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, үнэт зүйлсийг тайлбарлан таниулах замаар эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлж, онол-практикийн анализ хийх чадамжийг төлөвшүүлж ирсэн.

Номын нээлтийн ёслолд академич С.Нарангэрэл, академич  Н.Бэгз, академич Б.Батхишиг, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Пунсалдулам, доктор, профессор Н.Хишигт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор О.Мөнхсайхан, доктор, дэд профессор Д.Гангабаатар, МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, ДХИС-ийн тэргүүн дэд захирал, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр тэрүүтэй хууль зүйн болон түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, Шихихутуг их сургуулийн профессор багш нар оролцлоо.

Дээрх бүтээлүүд нь Монгол Улсын хууль зүйн болон түүхийн шинжлэх ухааны үнэ цэнтэй судалгааны эх сурвалжид зүй ёсоор тооцогддог бөгөөд холбогдох бүтээлүүд нь олон улсын зах зээлд борлуулагдаж байгаа нь Шихихутуг их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил олон улсын түвшинд үнэлэгдэж байгаагийн томоохон илрэл болж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0